Thursday, January 28, 2016

Химийн хичээл дээр төсөл хэрэгжүүлэх
Зорилго: Сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгээ бүтээлчээр ашиглах
Зорилт:Сурагчдын идэвх санаачлагыг дэмжих, мэдлэгээ хэрэглэх боломж бүрдүүлэх
Хамрах хүрээ: Лицей 10, 11-р анги
Төслийн шалгуур:

  1. Green- байгальд ээлтэй
  2. Handmade- өөрийн гараар хийсэн
  3. Reuse- дахин ашиглах
  4. Organic- Органик материал оролцуулж хийх
Хүүхдүүд ирэх 7 хоногт санаануудаа хэлэхээр боллоо. Сайхан санаанууд гарч ирэх  байх гэж найдаж байна. Танд ямар санаа байна?

Хүүхдийг тайван орхи


Тоглоом бол хүүхдийн хувьд ажил нь. Харин үүнийг сүүлийн үед анхаарахаа болио юу даа. Ганц манайд ч биш юм аа. Чөлөөтэй тоглохын ач холбогдлыг эцэг эхчүүдийн дунд тусгайлан таниулах хэрэгтэйг АНУ-ын хүүхдийн эмч нарын холбооноос зөвлөмж болгосон байв. Улам олон хүүхэд сургуульд ч орж амжаагүй байхдаа өөртөө итгэх итгэлгүй болж, сэтгэл санаагаар унаж эхлэх болсныг эмч нар ажиглаад ийм зөвлөмж гаргахад хүрчээ. Цэцэрлэгт ч орж амжаагүй хүүхдэд үсэг, цифр нүдлүүлэн, англи үг цээжлүүлээд үүгээрээ их бахархах аав ээж нар олширлоо. Үүний тулд хүүхдээ хэчнээн зовоож буйгаа тэд ер тоохгүй, тоохгүй ч юу байхав ойлгохгүй л байгаа хэрэг. Судалгаа хийж тогтоогоогүй л болохоос биш дээрх америк эмч нарын ажигласан зүйл манайд ч байгаа, өөрөөр хэлбэл энэ зөвлөмж бидэнд ч хамаатай гэсэн үг. Гэтэл хүүхэдтэйгээ зүгээр л хамтдаа байж,  ярилцаж, зугаатай цагийг өнгөрүүлэх нь л хүүхдийн хувьд хамгийн тохиромжтой зүйл гэж эмч нар зөвлөх болов. Маш энгийн зүйл биш гэж үү? Ямар ч төвөггүй, ердөө хялбархан, хүүхдээ ч зовоохгүй, өөрсдөө ч үйлээ үзэхгүй.
Эцэг эхчүүд хүүхдээ дээд зэргийн сайн хүн болгохыг хүсдэг. Ядаж л хажуу айлын эсвэл өөр нэгэн мэдэх хүүхдээс нь л лав илүү сайн байх ёстой. Ийм хандлага, арга барилаас аль болох татгалзахыг сурган хүмүүжүүлэгчид зөвлөдөг. Ямар аргатайдаа “Хүүхдээ тайван орхи!“ гэсэн ном хүртэл бичигдэж байхав дээ. Эцэг эхчүүдийн хүүхдээ хайрлах сэтгэлд хязгаар байхгүй нь үнэн, гэхдээ хэт их хайр нь буруу алхам руу түлхээд байвал яахав? Тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэгчээр эцэг эхчүүд өөрсдийн сул талаа олж хардаггүй. Тийм болохоор мундаг эцэг эхийн хүүхэд бас л бусдын хүүхдээс илүү мундаг байх ёстой болж таарна. Ямар ч муу ааш, алдаа гаргадаггүй, маш сайн сурлага, сахилга баттай, хэлсэн ярьсныг ягштал баримталдаг, үг хэлмэгц л за гээд гүйдэг үлгэр жишээ хүүхэд. Робот л биш бол ийм, ёстой нөгөө идеал хий гэдэг шиг бүх сайн чанарыг цогцлоосон хүүхэд байна гэдэг чинь биелэх боломж багатай мөрөөдөл биз дээ. Тэгээд ч өөрийн гэсэн сэтгэлгээтэй бие даасан хүн хэрэгтэй болохоос бус ийм робот шиг хүүхэд орчин үед хол явахгүй. 
Цюкерберг Facebook бүтээхдээ 19 настай, Билл Гэйтес программ хангамжийн компаниа байгуулахдаа 14 настай байсан бол Беатлесчүүд ч энэ л насандаа бүтээлээ туурвицгааж эхэлсэн. Тэд энэхүү санаануудаа ямар ч байсан эцэг эх, эмээ өвөө нараасаа өвлөж аваагүй нь ойлгомжтой. Хүүхдийнхээ алхам тутмыг хянаж, зааварддаг эцэг эхтэй байсансан бол тэд ийм амжилтанд яагаад ч хүрэхгүй байсан биз. Хичээлээ бус өөр аахар шаахар зүйлээр оролдох болсон хүүхдээ эцэг,  эх нь сургаж өгөөд ширээнийх нь ард номын ёсоор суулган, дундаж нэгэн албан хаагчийн замналаар явуулах байсан болов уу.

Хөгжимдүүлж сургах гэж албадаад, хүчээр тооны гүнзгийрүүлсэн сургалттай ангид оруулах нь оновчтой шийдэл огт биш. Олон эцэг эхийн хувьд хүүхэд нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтанд суугаад, гадаадад явж сурч ирээд, төрийн өндөр алба хаших нь амьдралын зорилго нь.
Эцэг эхийн чаддаг, сонирхдог болгоныг хүүхэд чадаж, сонирхох албагүй. Хүүхдийнхээ сонирхлыг юун түрүүн анхаарч үзэх нь чухал гэхдээ энэ нь дураар нь тавь гэсэн үг биш л дээ.
Томчууд зааж зааварлах нь бус харин дэргэд нь хамтдаа байх нь л хүүхдийн хувьд хамгийн чухал зүйл. Энэ нь аав ээж нь, эмээ өвөө нь аль эсвэл хөрш нь байна уу хамаагүй, гол нь тэдний хувьд харилцах хүн л хэрэгтэй. Цаг зав гаргахгүй бол харилцаа байхгүй, харилцаагүйгээр хүмүүжил байхгүй гэдэг бол хүүхдийн хүмүүжлийн алтан дүрэм.
Одооны хүүхэд өөр болжээ гэж үглэцгээдэг маань ч үүнтэй холбоотой. Ажил төрөл гэж гүйсээр бид чинь яг үнэндээ хүүхдэдээ цаг зав гаргаж чадахаа байсан. Томчуудын ааш аягийг харан даган дууриах замаар л хүүхэд хүмүүждэг. Гэтэл тэр үлгэр дууриал болох аав ээж, хамаатан садан нь хүүхдэд олддоггүй, арай гэж дэргэд нь ирэхээрээ элдэв курс дугуйлан руу л албадан чирж гүйцгээдэг.  
Хүүхдийнхээ төлөө хэт их анхаарч ийш тийш нь чирч гүйсээр хүүхдээ ч өөрсдийгөө ч балладаг нь асар их хор хөнөөлтэй бөгөөд үүнээс сэргийлэх ямар арга зам байгааг хүүхдийн сэтгэл судлаач Михайл Винтерхофф „Яагаад бидний хүүхдүүд тиран болцгоогоод байна аа? буюу алдагдсан хүүхэд нас?”, “Тиран байх албагүй шүү дээ” номууддаа дурайтал бичсэн байна.
Хүүхдийг бага насанд нь хэт их ачаалалд оруулахгүй байх талаар хөгжингүй орнуудын боловсролын байгууллагууд ч  анхаараад эхэлсэн аж. Германы Баваар муж улсын 20 сургуульд  2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан бага анги нь янз бүрийн хугацаатайгаар, өөрөөр хэлбэл 3-5 жил байхаар зохицуулж эхэллээ.  Энэ бол цаашдын ирээдүйн чиг хандлага гэж тус муж улсын Соёлын сайд (Германд сургуулийг муж улсынх нь соёлын яам хариуцдаг) нь мэдэгджээ. Германы 16 муж улсын 13 нь үүнийг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн бөгөөд Баваар муж харин ч оройтож эхэлж буй аж. Энэ хорин сургуульд сайн, муу, хотын, хөдөөгийн гээд янз бүрийн төлөөлөл орсон байгаа гэнэ. Хүүхдүүд хэр чадлынхаа хэрээр л уншиж, бичиж, тоо бодож сурна, анги дэвших албадлага байхгүй, тийм болохоор 3-5 жилийн ялгаа гарч буй хэрэг. Онцлог нь хичээл нь нээлттэй өөрөөр хэлбэл нэг ангид сайн, муу сурлагатай, насны ялгаатай хүүхдүүд хамтдаа суралцана. Мэдээж энэ хорин сургууль дээр дагалдан судалгаа хийгдэж, үнэлэлт дүгнэлт гарган цааш улам төгөлдөржүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: buuvei.mn

Гар утас хүүхдэд ямар хор нөлөөтэй вэ?

Хоёр настай хүү ээжийнхээ гар утсыг аваад чадварлагаар удирдан, баясана. Ой хүрээгүй охин гар утсан дээрх зураг, хүүхэлдэйн киног сонирхон харна, бас амандаа хийж үзнэ. Таван настай хүү “энэ миний гар утас ш дээ” гэж пээдийнэ... Иймэрхүү дүр зураг манай өнөөгийн гэр бүлүүдэд түгээмэл ажиглагдах болжээ. Гэхдээ ихэнх хүмүүс “гар утас ч дээ,  хүүхдэд хэрэглүүлэх нь ямар л олигтой байв гэж” гэдэг. Энэ нь ч үнэний хувьтай аж. 
Тэгэхээр ер нь гар утсыг бага насныханд хэрэглүүлж болох уу? Энэ нь хүүхдэд хортой юу? Хортой бол ямар? Хүүхдэд хэдэн наснаас нь гар утас хэрэглүүлэх вэ? гэх мэт асуултууд урган гарч байгаа юм.  
Гар утасны туяа муу нөлөөтэй
Шведийн Леннарт Харделл (Lennart Hardell) нарын эрдэмтэд судалгаагаараа гар утсыг чихэндээ ойр байлган хэрэглээд байвал тархины хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ [1]. Гар утас болон утасгүй телефоны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа энэхүү эрсдлийг бий болгодог байна.
Ялангуяа хүүхдэд гар утасны хор хөнөөл их байдаг ажээ. Хүүхдийн бие махбодыг томчуудынхтай харьцуулахад бодисын солилцоо идэвхтэй явагддаг учраас эмзэг, яс нь нимгэн, эсүүд олноороо хуваагдан өсөлт эрчимтэй явагддаг. Судлаачид хүүхдийн тархины яс томчуудыг бодвол нимгэн тул цахилгаан соронзон туяа амархан нэвтэрч орох боломжтой гэж үздэг бөгөөд иймд хүүхдээ түүнээс хамгаалахыг анхааруулсаар байна. Судалгаагаар гар утасны туяа мөн хүүхдийн эсийн хөгжилд сайнгүй нөлөө үзүүлдэг нь баттай тогтоогджээ [2].
Дараах зурагт [3] гар утасны туяа хүүхдийн нас бага байх тутам хэдий чинээ илүү нөлөөлдөгийг харуулж байна.
Тав, арван настай хүүхдэд ийнхүү нөлөөлж байхад ээж нар нялх хүүхдээ хөхүүлэхдээ эсвэл өвөр дээрээ аваад гар утсаараа ярихад ямар нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
Хэрэглээний хугацаанаас эрсдэл нэмэгддэг
Дээрх судлаачид 1380 хүн дээр судалгаа явуулсан бөгөөд тэдэн дотор тархины хавдартай болон эрүүл хүмүүс багтсан байна. Судлаачид гар утас хэрэглэдэг хүмүүст тархины хорт хавдар жилээс жилд нэмэгдэж байгааг тогтоожээ. 20-25 жил утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гар утас юм уу утасгүй телефон хэрэглээд удаагүй байгаа хүмүүсээс хоёр дахин илүүтэйгээр хавдрын онош илэрдэг байна. 25 жилээс дээш хугацаагаар утасгүй телефон хэрэглэсэн хүмүүст гурав дахин илүү хавдрын шинж тэмдэг илэрч байжээ.
Хоёр төрлийн хавдар илүү тохиолддог
Насанд хүрэгчдийн хувьд голдуу тархины хавдар тохиолддог бол сонсголын мэдрэлийн хавдар мөн тохиолддог байна. Английн Оксфордын их сургуулийн судлаачид 2013 онд 50 настай эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад арваас илүү жилээр үүрэн телефон хэрэглэсэн эмэгтэйчүүдийн сонсголын мэдрэлийн өвчин (невром) 2,5 дахин илүү байгаа нь тогтоогджээ.
Жирэмсэн ээжүүд анхаарахад илүүдэхгүй
 Америкийн Лос Анжелесийн их сургуулиас хийсэн судалгаагаар жирэмсэн ээжүүд өдөрт зөвхөн 2-3 удаа гар утсаар ярихад хүүхдэд нь харилцааны хэвийн бус байдал үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна [4]. Жирэмсэн үедээ байнга гар утсаар ярьдаг ээжүүдийн хүүхдэд хэт их хөдөлгөөнтэй байх зэрэг харилцааны доголдол ердийн ээжүүдээс төрсөн хүүхдээс 50% илүүтэй тохиолддог аж. Хэрэв долоо хүртэлх наснаасаа өмнө хүүхэд өөрөө гар утас хэрэглэх юм бол энэ эрсдэл 80% хүртэл өсдөг байна.
Хүүхдэд гар утсыг хориглох
Бага насны хүүхдэд гар утас хэрэглүүлэх нь ийнхүү муу үр дагавартай гэдэг нь батлагдсан тул ХБНГУ-ын Орчин ба байгаль хамгааллын холбооноос “Нийтээр хүүхдэд гар утас хориглох” гэсэн сэрэмжлүүлэгийг гаргажээ. Ялангуяа 12 нас хүртэлх хүүхдэд зөвхөн аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг судлаачид түүн дотор хавдар судлаачид зөвлөж байна. Яагаад гэвэл энэ үед хүүхдийн тархи өсөж хөгжиж мөн эмзэг байдаг. Гэхдээ Та хэт айдасд автасны хэрэггүй. Дараах зөвлөгөөг анзаараарай.
Танд зөвлөхөд 
1. Хэрэв Та утсаар ярих эсвэл msg илгээх бол хүүхдээсээ 5 метр холдоорой. 10 метр бол бүр сайн.
2. Асаалттай гар утсаа хүүхдээсээ аль болох хол байлгах. Цүнхэндээ хийх, өөр өрөөнд байлгах...
3. Гар утсаа хүүхдэд тоглоом наадгайн оронд өгөхгүй байх.
4. Гар утсан дээрх тоглоомоор тоглуулж ер болохгүй. Ялангуяа түүн дээр тоглоом тоглоход туяа нь хамгийн идэвхтэй нөлөөлдөг байна.
5. Гар утсаараа хүүхдэд дуу, хөгжим сонсгох хэрэггүй.
6. Ээж аав нар аюулгүйн үүднээс хүүхдэдээ гар утас өгч хичээлд нь явуулдаг. Ийм тохиолдолд хүүхдэдээ утсаа унтрааж авч яваад, шаардлагатай үед асааж ярихыг сануулах.
7.  Хүүхдэдээ аль болох туяа бага цацруулдаг гар утас авч өгөх (0,24 W/kg-аас доош).
8. Өөрийгөө ч гэсэн Та гар утасны туяанаас хамгаалаарай. Гар утсаар удаан ярихгүй байх, орондоо, дэрэн доороо тавихгүй байх, биендээ удаан хугацаагаар утас авч явахгүй байх, болж өгвөл утсаа чихнээсээ хөндий барих, чанга яригч ашиглах, ярихаасаа илүү msg бичих гэх мэт.
Эх сурвалж: buuvei.mn

Saturday, January 16, 2016

Унгар улсад 2016-2017 оны хичээлийн жилээс тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдсан байна.

http://must.edu.mn/mn/content/show/id/5536
Бүтээмж дээшлүүлэх японы 5S арга
 Зорилго: Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх олон арга байдаг бөгөөд орчин үед дэлхий нийтэд Японы аргууд нэлээд давамгайлах болсон. 5С арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5С нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Үйл ажиллагаа: Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм. 5С гэдэг нь” С “ үсгээр эхэлсэн Япон үг юм . 5С-ийн Япон ба Монгол утга нь

  • 1С Сеири Сайн зохион байгуулах Ажлын байранд шаардлагагүй зүйлийг ангилах ба хаях  
  • 2С Сеитон Сайн нягт нямбай байх Юмыг зөв байрлуулж , хэрэглэхэд дөхөмтэй байлгах 
  • 3С Сеисо Сайн цэвэрлэж, цэмцийлгэх Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж цэмцийлгэх 
  • 4С Сеикецу Сайн хэвшүүлэх Зохион байгуулалттай, нягт нямбай, цэвэр цэмцгэр байдлыг хэвшүүлэх 
  •  5С Сицуке Сайн сахилага баттай байх Хүн бүр эхний 4С –ийг хэнээр ч хэлүүлэлтгүй хэвшил болгон хэрэгжүүлэх  5С-ийг хэрэглэсэн компани үргэлж амжилттай байдаг ба өндөр бүтээмж, нэг янзын чанар, зардал үр ашигтай, хуваарилалт зөв, хүмүүсийн ажиллах үеийн аюулгүй байдал сайн, ёс суртахууны төвшин өндөр байдаг зэрэг юм. 5С-ийн хэрэгжүүлж байгаа байгууллага юуг хожих вэ ?

 • Зардал багасаж , үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ.
 • Чанар дээшилнэ
 • Цагийн юмыг цагт нь хийнэ
 • Аюул осолоо багасгана 5С-гээс хувь хүн юуг хожих вэ ?
 • Хүмүүсийн бүтээлч идэвхийг өрнүүлж , ажиллах урам зориг орно
• Хүмүүсийн хоорондын мэдээлэлийг сайжируулж , хүнлэг , эсвэл нөхөрсөг харилцааг хөгжүүлнэ
 • Хүмүүсийн амьдрах чадварыг нэмэгдүүлнэ
 Японы аргуудыг Америк, Европын оронд нэлээн эрчимтэй хэрэгжүүлж байгаа бөгөөд манай оронд ч туршиж үзэж байгаа. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх гол хүчин зүйлүүд нь технологи, удирдлагын системд тулгуурласан ажилчид болон удирдлагын хоорондын хамтын ажиллагаа юм. Аливаа байгууллага бүтээмжээ дээшлүүлэхдээ өөрийн давуу тал дээрээ тулгуурлан сонголтоо хийх ёстой. 5С арга нь алхам алхамаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачлагад тулгуурлан ажлыг орчин нөхцлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм. 5С нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлтэй ажиллаж амьдрахын эхлэл болдог. Энэ нь бүтээмж дээшлүүлэх үндэс суурь юм.Ажилдаа эзэн болж өөрсдийн гараар хамгийн сайн зүйл хийхээс гадна үнэнч шударга, нягт нямбай зан чанар нь япончуудын амжилтанд ихэд нөлөөлсөн байх. Үүнийгээ тэд “5S” хэмээн тодорхойлж ажил амьдралдаа хэрэглэдэг нь одоо бизнесийн нэгэн чухал зарчим болоод байна.

Thursday, January 14, 2016

Темперамент

Темпераментийн төрөл янз бүр байдаг.57 асуулттай тестийг хүргэж байна.Ер нь хүмүүс би меланхолик биш сангвиник гээд өөрийнхөөрөө зүтгээд байдаг талтай үүнд нээх эмзэглээд байх хэрэггүй.Бүх хэв шинжүүд дутагдалтай , давуу талтай 
1.Та шинэ содон зүйл рүү хүчтэй тэмүүлдэг үү ?
2.Та өөрийгөө найз нөхөддөө үргэлж хэрэгтэй,мөн тэд таныг ойлгон сэтгэл санаагаа хуваалцаж чаддаг гэж боддог уу
3. Та амирлангуй тайван хүн мөн үү
4. Өөрийн үзэл бодлоос татгалзахад танд хэцүү байдаг уу
5. Та аливаа ажлыг хийхдээ яарч тэвдэлгүй урьдаас сайтар бодож төлөвлөж эхлэх нь дээр гэж үздэг үү
6. Та бусдад амласан амлалтаа заавал биелүүлдэг үү
7. Танд гэнэтхэн сэтгэл санаагаар унах юм уу  эсвэл хөөрөн баясах үе олонтоо тохиолддог уу
8. Та ямар нэгэн зүйлийг хийхдээ нэг их бодож цаг зарцуулахгүйгээр хурдан гүйцэтгэж чадах уу
9. Зарим үед онцын шалтгаангүйгээр азгүй юм уу гунигтай мэт сэтгэгдэл төрдөг үү
10. Та аливаа маргаанд бүгдийг ялна гэдэгт итгэлтэй юу
11.Өөрт таалагдсан эсрэг хүйсийн хүнтэй танилцахдаа ичиж эвгүйрхдэг үү
12.Өөрийгөө эзэмдэж чадалгүй гэнэт уурлах тохиолдол танд гардаг уу
13.Тухайн үеийн сэтгэл санааны байдлаас шалтгаалан аливаа асуудлыг шүүн тунгаахгүйгээр шийдвэр гаргах тохиолдол танд гарч байсан уу
14.Ярих хэрэггүй зүйлийг хэлчихлээ гэж араас нь санаа зовох тохиолдол танд гарч байсан уу
15.Хүмүүстэй уулзаж ярилцсанаас ном унших нь дээр гэж боддог уу
16.Та амархан гомддог гэсэн , тэр үнэн үү
17.Та бусадтай хамтран ажиллах дуртай юу
18.Зарим үед танд бусадтай ярилцахаас дургүй хүрэх тохиолдол гардаг уу
19.Заримдаа та эрч хүчтэй дайчин,заримдаа бүр идэвхигүй залхуу үлбэгэр болчихдог гэж үнэн үү
20.Та цөөхөн,дотны найзтай байх нь дээр гэж үздэг үү
21.Та мөрөөдөмтгий хүн мөн үү
22.Таныг загнаж уурлавал,та мөн тэгэж хандах уу
23.Та өөрийгөө хүмүүжилтэй,өөгүй хүн гэж хэлж чадах уу
24.Танд өөрийгөө ямар нэгэн юманд буруутгаж,эргэлзэх сэтгэл төрдөг үү
25.Та хүмүүсийн дунд дураараа чөлөөтэй байж хөгжиж чадах уу
26.Та мэдрэмтгий эмзэг хүн мөн үү
27.Та цовоо сэргэлэн,хөгжилтэй хүн мөн үү
28.Ямар нэг зүйлийг хийснийхээ дараа үүнээс илүү хийж чадах байж гэж боддог уу
29.Та олон хүний дунд байхдаа ичиж эвгүйрхдэг үү
30.Та бусадтай хов жив ярьдаг уу
31.Янз бүрийн зүйл таны толгойд эргэлдсэнээс болж нойр хулжих явдал танд тохиолддог уу
32.Ямар нэгэн зүйлийн талаар мэдэхийг хүсвэл хүнээс асууснаас номноос эрсэн нь дээр гэж үздэг үү
33.Огцом уурласнаас болж зүрх чинь хүчтэй дэлсдэг үү
34.Маш их анхаарал шаардсан ажил танд таалагддаг уу
35.Та салганаж чичиртлээ уурлан бачимддаг уу
36.Та үргэлж үнэнийг ярьдаг уу
37.Бие биенээ шоолон даапаалж байгаа хүмүүсийн дэргэд байхад танд эвгүй санагддаг уу
38.Та үргэлж уурлац цухалддаг уу
39.Хурдан хөдөлгөөн шаардсан ажил танд таалагддаг уу
40.Янз бүрийн тааламжгүй явдал тохиолдох вий гэж санаа зовдог уу
41.Та аливаа ажлыг хийхдээ аажуу тайван ханддаг гэж үнэн үү
42.Ажил юмуу болзсон хүнтэй уулзахдаа хожимдож байсан уу
43.Хар дарж зүүдлэх тохиолдол танд олонтай тохиолддог уу
44.Хүмүүстэй амархан танилцаж холбоо тогтоож чадах уу
45.Таныг шаналгаж байдаг өвчин эмгэг бий юу
46.Та найзуудтайгаа уулзалдахгүй удвал зовж шаналах уу
47.Та өөрийгөө онгироо сагсуу хүн гэх үү
48.Танилуудын чинь дотроос танд огт таалагддаггүй хүн бий юу
49.Та өөртөө итгэлтэй байдаг уу
50.Таны дутагдлыг шүүмжилвэл,та эсэргүүцдэг үү
51.Олон нийтийн ажил оролцсондоо сэтгэл хангалуун байдаг уу
52.Ямар нэг талаараа бусдаас доогуур гэж өөрийгөө голж гутарч явдаг уу
53.Та уйтгарласан хүмүүсийг хөгжөөж чадах уу
54.Та өөрөө ч учрыг нь олоогүй зүйлийн тухай бусдад ярьдаг уу
55.Та өөрийн эрүүл мэндийн байдалд санаа зовж тавгүйтдэг үү
56.Та шооч хүн мөн үү
57.Нойр хулжих явдал танд тохиолддог уу

Судалгааны үр дүнг боловсруулах журам.
1.Туршигдагчийн өгсөн хариулт бүрт 1 оноо өгнө.Гэхдээ туршигчдагчийн өгсөн хариултыг сорилын түлхүүртэй тохируулж үзсэний эцэст зохих оноог өгөх юм.Өөрөөр хэлбэл "Тийм","Үгүй" гэсэн хариултын түлхүүрийн харгалзах дугаартай туршигдагчийн өгсөн хариулт тохирч байвал 1 оноо эсрэг тохиолдолд 0 оноо авах болно.
2.Сорилын бодит,найдварт чанарыг магадлан шалгах асуултын түлхүүрийн тусламжтайгаар үнэлнэ.
Магадлан шалгах асуултын дугаарууд :
Тийм  - 6 , 24 , 36
Үгүй  - 12 , 18 , 30 , 42 , 48 , 54
Эдгээр асуултанд хариулсан нийт онооны нийлбэрийг тооцож гаргана.Хэрвээ туршигдагч магадлан шалгах асуултанд 5-с доош оноо авсан бол , тухайн сорилын хариултын найдварт чанар хангалтгүй гэж үздэг.
3.Туршигдагчийн сэтгэл зүйн экстраверт,интроверт хэв шинжийг дараах түлхүүрийн тусламжтайгаар тодорхойлно.Дээрх хэмжүүр нь 24 интервалаар хэмжинэ.
Тийм - 1,3,8,10,13,17,22,25,27,39,44,46,49,53,56
Үгүй - 5,15,20,29,32,34,37,41,51


Мөн дээрхий нэгэн адил асуулт бүрд хариулсан нийт оноог тооцож гаргана.Энэ хэмжүүр дээр туршигдагчийн нийт авсан оноо 15-с дээш байвал,түүнийг экстраверт хэв шинж зонхиолох онцлогтой гэж үзнэ.Харин 0 доош оноо авсан бол интроверт гэнэ.
4.Сэтгэцийн үйлийн тэнцвэртэй ба тэнцвэргүй хэв шинжийг дараахи түлхүүрийг ашиглан тодорхойлно.Энэ хэмжүүр нь 24 интервалаар хэмжинэ.

Тийм - 2,4,7,9,11,14,16,19,21,23,26,28,31
Үгүй - 33,35,38,40,43,45,47,50,52,55,57

Асуулт бүрт авсан онооны нийлбэрийг тооцож гаргана.Энэ хэмжүүр дээр туршигдагчийн авсан нийт оноо 15-с дээш байвал түүний сэтгэцийн үйл ажиллагаа тэнцвэргүй явагддаг гэж үнэлнэ.Харин нийт оноо 9-с доош  байвал тэнцвэртэй.Үүний зэрэгцээ дээрхи 2 хэмжүүр тус бүрээр туршигдагчийн авсан оноог зураасаар холбож тухайн хүний темпераментийг тодорхойлоно.
Сайн байна уу? Намайг Алимаа гэдэг. Би химийн багш. Өөрийн мэргэжлийн чиглэлээр энэ блогийг ажиллуулах бодолтой байна. Үүнд:

  • Химийн хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө
  • Өөрийн бэлдсэн хичээлүүд
  • Химийн хичээлийн бие даах ажлын даалгаврууд
  • Сурагчдаас авах төрөл бүрийн судалгаанууд
  • Сурагчдын нас сэтгэцийн онцлог
  • Англи хэлээр зааж байгаа зарим хичээлүүд
  • Өөрийгөө хөгжүүлэх
  • Шинээр уншсан ном
  • Бусад олон зүйлийг хуваалцахаар төлөвлөж байна.
Блог хөтлөх нь надад олон талаараа сайн нөлөө үзүүлэх байх гэж бодож байна.



Дархан-Уул аймгийн Технологийн сургуулийн Лицейн Химийн багш Г.Алимаа